Бүлэг 4 "Боломж"

8.3K 826 51
                                    

Цонхны шилэн дээрх борооны гунигт дуслууд гадаах орчныг бүрэлзүүлэн харагдуулна. Шиврээ бороо хамгаас гунигтай. Хэдий асгарах мэт орохгүй ч усархаг дуслууд нь үүнээс ч илүү норгох нь бий. Биеийг ч тэр, сэтгэлийг ч тэр.

"Бие нь яаж байна даа Еин?"

Эрэгтэй эмчийн нөхөрсөг хоолой сонстох үед би харцаа цонхноос салгалаа. Тэгээд бүдэгхэн инээмсэглэж,

-Дажгүй ээ. Хэзээ эндээс гарч болох вэ? хэмээн асуув.

Эмч хөнгөхөн хөхөрч,

-Чи ирээд нэг л хонож байна шүү дээ. Гэхдээ эмээ яагаад уугаагүй юм? гэхэд би түүнээс харцаа буруулан эмнэлгийн өрөөний цагаан шалыг ширтлээ. Нүд рүү нь эгцлэн харах зориг надад байсангүй.

-Уучлаарай...

Амнаас минь гарсан ганц үг энэ байв. Эмчийн инээмсэглэл бага багаар бүдгэрэн, харц нь санаа зовнилоор дүүрч ирэхийг би мэдэрч байлаа.

-Дахиад л аав чинь уу?

-Та хэнд ч хэлэхгүй гэж амлах уу?

-Еин И. Чи одоо 17 настай. Иймэрхүү зүйлийг шийдвэрлэж хангалттай чадах нас. Үнэхээр ингээд тэвчих хэцүү биш байна уу?

-Аав минь тийм хүн биш ээ. Архи л түүнд асуудал болж байгаа юм. Удахгүй болино.

Эмч санаа алдан, дусал залгасан гар луу минь хараад,

-Өнөөдөртөө хэвтэж өнжөөрэй. Маргаашнаас сургуульдаа явж болно. Ээж чинь чамайг энд хүргэж өгчихөөд ажилтай болохоор удаан хамт байж чадахгүй нь гэсэн. Гэхдээ орой ирнэ гэж дамжуулсан шүү гээд үүдний зүг эргэлээ.

Би дотроо аав яасан бэ? хэмээн асуухыг хүссэн ч зүгээр л толгой дохив. Түүнийг надад санаа зовсон эсэхийг мэдэхийг хүснэ, бас хүсэхгүй. Аавын талаар бодох үед хамгийн сүүлд хэлсэн үг нь санаанд орон сэтгэл хөндүүрлэх аж. Амьсгал давчдаад ирэх шиг. Чангаар цурхиран уйлмаар ч юм шиг. 

Гэхдээ одоо тэр ч бас дотроо шаналж байгааг би мэдэж байна.

Эмч яг л бодлыг минь уншсан мэт гарахынхаа өмнө эргэж хараад,

-Аав чинь өрөөнөөсөө гарахгүй байгаа гэсэн. Гэхдээ чамайг эмнэлэгт хэвтэж буйг мэдэж байгаа. Битгий санаа зов доо. Бүх зүйл сайхан болно гээд цагаан халатаа намируулсаар гарч одлоо.

Түүнийг явмагц би буцан цонхны зүг харцаа шилжүүлэв.

Бүгд л тэгж хэлдэг шүү дээ. Гэхдээ сайхан болсон зүйл хаа байна?

☪4 o'clock☪Where stories live. Discover now