5. Сүүлчийн даалгавар

3.1K 423 49
                                    


Ойролцоо хотод ирээд Хэри зэвсгийн наймаачинтай холбогдох бөгөөд олон нийтийн газар уулзахыг хүсжээ. Мөн гадаад төрхөө өөрчлөн өөр хүний дүрд хувирав. Өмнө нь тэр нүүр будалтын дамжаанд сууж байсан учир дүр хувиргахдаа чадварлаг гэж хэлж болно. Энэ ур чадвараа ашиглан залуухан бүсгүйгээс ахимаг насны хөгшин эмэгтэй рүү өөгүй шилжиж орхилоо. Богино үстэй учир хиймэл үс хялбархан зүүж, энгийн нэгэн гэрийн эзэгтэй шиг хувцаслав. 

Хотод ирээд Хэри уулзахаар товлосон газар руугаа алхах ба тэд үдийн нэг цаг орчимд хотын плазад уулзахаар товлосон юм. 12 цаг 30-н минут, тэр настай эмэгтэйн дүрээр явж ядсаар плазад ирлээ. Зэвсгийн наймаа интернет худалдан авалтаар хийгдэх нь аюултай учир тэр ямар хэмжээтэй эд авахаа мэдэхгүй. Өөрийн амь насыг хамгаалахын тулд энэ хүртэл ирсэн ч сэрэмж алдвал аюулд орох эрсдэлтэй. Тиймээс тэд зөвхөн ганцхан удаа уулзаж бараагаа солилцоод нэгнээ харж байгаагүй мэт зөрөх билээ. Плаза хөл хөдөлгөөн ихтэй, хаа сайгүй хүмүүс холхилдон эсвэл шогших мэтээр өөрсдийн замаар дуу чимээтэй явах аж. Энэ хууль бус гүйлгээ хийх хамгийн тохиромжтой газар юм.

Тэр нэг мөртэй үүргэвчээ үүрэн хогийн савны дэргэд вандан сандал дээр суугаад шувуу хооллож, жирийн нэгэн өнгөрөгч шиг жүжиглэнэ. Гэхдээ удалгүй тэр эргэн тойрныг ажиглан сэжигтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс явж байгааг анзаарав. Хэри удаанаар босон тэр газраас шуудхан холдлоо. Тэдгээр хүмүүсийг нууц мөрдлөг хийж байгаа цагдаа байсан гэдгийг мэдчихсэн хэрэг. Энэ нь түүний холбоо барьсан наймаачин аль хэдийн баривчлагдсан эсвэл цагдаагийн байгууллагаас сэжиг аваад урьдчилан хянаж байгаа гэсэн үг. Шийтгэлийн ертөнцөд юу ч тохиолдож болно. Өмнө нь тэр гэнэтийн зүйл үүсэж нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй гэж таамаглаж байсан ч үнэхээр энэ дэлхий түүний хүссэн бүхнийг хийлгэхийг хүсэхгүй байгаа бололтой.

Хэри эрсдэлд орохыг хүсээгүй учир төлөвлөгөөгөө цуцлан зүгээр яваад өгчээ. Унаагаа хүлээнгээ хотын эргэн тойрноор удаан хугацаагаар тэнүүчлэв. Түүний буутай болох төлөвлөгөө бүтэлгүйтсэнд сэтгэл дундуур байлаа. Түүнд ядаж нэг гар буу байх ёстой байсан юм.

Гэсэн хэдий ч тэрээр нөөцөлсөн хоёр дахь төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Хотдоо буцаж очоод агентлагаар дамжуулан түрээслэх боломжтой байшин хайж эхлэх аж. Мөн өөрийнхөө ертөнцөд танилцсан хуурамч иргэний бүртгэлийг жинхэнэ мэт хийдэг танилтайгаа холбогдсон бөгөөд хуурамч дүр төрхтэй болохын тулд хэдэн өдрийг зарцуулжээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now