Ян Хэри (19)

4K 355 27
                                    


Хэриг нүдээ нээхэд цав цагаан хоосон орон зай угтан авав. Үргэлж даалгавар дуусах бүрт харанхуй хоосон орон зайд ирдэг болохоор энэ газар түүний хүлээлтээс ондоо байлаа.

"Систем, чи хаана байна?" Хэри эргэн тойрноо гүйлгэн ажсаар асуух аж.

Эхэндээ түүний сэтгэл санаа өвөрмөц газар ирснээс үүдэн жаахан гайхаж сонирхсон байдалтай бол системтэй холбогдох хэдэн удаагийн оролдлогын дараагаас айдас түгшилтээр солигдож, ямар нэг зүйл буруу болоод байгаа мэт эвгүй санагдаж эхэлжээ.

Сүүлийн гучин минутын турш тэр тасралтгүй системийг дуудсан боловч харамсалтай нь хариу үл ирэх нь айлгаж байв. Хүрээлэн буй газраасаа ямар нэгэн шинж тэмдэг, сэжүүр бүхий зүйл хайж шалгахад цагаан орон зайд тоос шороо ч үл үзэгдэм хоосон.

"Энд сууж болох ямар нэг юм байдаг ч болоосой." Тэр алхаж байхдаа бувтнав. Гэтэл түүнийг үгээ хэлж дуусмагц гэнэтхэн хаанаас ч юм урд нь сандал гарч ирэх нь тэр. Хэригийн нүд бөөрөнхийлөн томорч, тэр туйлын их цочирдож орхисон юм.

"Воахх, сандал? Энд сандал байна!" Хэри итгэж ядан нүдээ нухаллаа.

Тэгээд удаан болгоомжтойгоор сандал руу алхаж, үнэхээр биет мөн эсэхийг нь шалгаж мэдэхийн тулд гараа сунган хүрч үзэв. Хэри инээмсэглээд зүгээр суух аж. Тэр сууж байхдаа системтэй дахин нэг удаа холбогдох гэж оролдлого тээн залгахад урьдын адил нам гүм хариуг хүлээн авна, систем түүнийг мартсан гэлтэй анир чимээгүй. Гэхдээ Хэри элдэв мууг бодолгүйгээр мөрөө хавчаад гүнзгий амьсгаа аван тайвширч, систем гарч ирэх хүртэл хүлээхээр шийдэв. Хэдэн секундын дараа түүний урд гэнэт бор хаалга гарч ирэх нь тэр.

"Хөөх!" Хэри дахин нэг гэнэтийн бэлэгт цочирдох шиг. Тэр хөмсгөө зангидаад сэжигтэй зүйл олж харах гэсэн мэт зүүн, баруун тал руугаа ээлжлэн харлаа.

Удалгүй тэр шүлсээ гүдхийн залгиад сандлаасаа босон удаанаар хаалга руу ойртож эхэлсэн юм. Хаалганы өмнө зогсоод ахин эргэн тойрноо ажиглахад хаалга чахран дуугарсаар нээгдэж орхилоо. Хаалганы цаадах хурц цагаан гэрлээр таглагдсан байх ба орохыг урьсан мэт сэтгэгдэл төрүүлэх ч Хэри эргэлзэж байв.

Гэхдээ сониуч зандаа дийлдсэнээр алхам алхмаар хөл тавин дотогш алхлаа. Түүнийг хаалгаар нэвтрэх үед нүд сохлом гялбах хурц гэрэл хүрээлэн буй орчныг бүхэлд нь туяаран гэрэлтүүлж өөрийн эрхгүй нүд анихад хүргэнэ. Анир чимээгүй хэдэн хормын дараа нүдээ удаанаар нээж, өмнө нь харж байгаагүй үл таних өрөөнд байгааг мэдэв. Тэр дорхноо хөмсөг нь аймшигтай мушгираад ирэх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now