Ян Хэри (21)

2.7K 365 21
                                    


Хэри Хао Нигийн сэтгэл дэх зовлон шаналал бүрийг мэдэрч байв. Бүсгүй олон жилийн туршид зовнил бүхнээ чимээгүйхэн нууж, заримдаа унтаж байхдаа уйлдаг. Цор ганц Хэри өдөр болгон ажигладгаараа түүнийг хэчнээн хүчирхэг бас өрөвдөлтэйг мэдэх аж. Хунтайж түүнийг яагаад үзэн яддаг болсон үл ойлгогдом шалтгаан бүсгүйн зүрхийг уйлуулж, тархийг нь тамладаг. Гэсэн ч Хао Ни тэр эрд тоолж барамгүй сайн.

Тэднийг бага балчир байхаас эхлэн бүсгүй залууд таалагдаж, сэтгэлд нь өчүүхэн ч атугай орон зай олж авахын тулд өөрийн чадах бүх зүйлээ хийжээ. Яруу найраг, уран зураг, тоглоом наадгай, хөгжмийн боловсрол гээд дөрвөн урлагийг хичээнгүйлэн сурч, ганц ч удаа шантарч, цуцаж байсангүй. Гэр бүлийнхээ үнэт эрдэнэ хэмээн эрхлэн хайрлагддаг ганц охин хэдий ч хойш суухыг сахилгүй олон төрлийн хоол хийх ур чадварыг сурч, хоромхон зуур цааргалахыг мэддэггүй аж. Түүний эцэг эх, Хэригийн адилаар охиноо хажуунаас нь ажиглаж байсан бөгөөд шаргуу хөдөлмөрийнх нь үр дүнд санаа алдан шаналахаас өөр зүйл хийж чаддаггүй байлаа. Энэ бүх хичээл зүтгэл түүнд төлөгдөх боломжгүй байхаас айж байв.

Зүрх сэтгэлдээ Хэри энэ өрөвдөлтэй бүсгүйг нэг талын хий мөрөөдөл мэт хайраасаа сэрнэ байх гэж найдаж байсан ч хүслээр нь болдоггүй нь харамсалтай. Бүсгүйд дүргүй залуу эр түүнийг буцааж хайрлана гэдэг эргэлзээтэй. Гэвч хамгийн хэцүү нь Хэри юу ч хийж чаддаггүй. Бүсгүйд хандан үг хэлж болохгүй юмаа гэхэд ядаж уйлах үед нь мөрийг цохин аргадахыг хүснэ, мэдээж хэрэг энэ нь боломжгүй.

Цаг хугацаа дахин хурдтай урсан өнгөрч, бүсгүйн насанд хүрэх өдөр дөхжээ. Тэргүүн жанжны өргөө хашааг бүхэлд нь янз бүрийн хээ угалзан гоёл чимэглэл болон өнгөт дэнлүүгээр чимэглэсэн байлаа. Эцэг эх нь охиноо хамгийн сүүлийн удаа тэдэнтэй хамт байх болно гэдгийг ойлгосноор тэд эзгүйрэн хоосрохоос зүрхшээн баярын ёслолыг аз жаргалтайгаар угтаж байсангүй. Тэд нандин охиноо өгөх ёстой. Хунтайж түүнд сэтгэлгүй, үл тоомсорлож байдгаас болж илүү ихээр санаа зовох аж. Хунтайж Рун Хао нүүр царай, нэр төрөө эрхэмлэн зохих ёсоороо охинд нь хүндэтгэлтэй хандана гэж найдсаар жанжны гэр бүл зүгээр л хүлээж байлаа.

Хао Ни хунтайжийг насанд хүрэх баярт зочлон ирэхийг нууцхан хүлээж байв. Гэвч дараа нь хунтайжийг өмнөд хил дээр үргэлжилж буй дайнаас болж ирэхгүй гэдгийг илэрхийлсэн захиаг уншаад бүсгүйн итгэл найдвар тасарчээ. Жанжин үүнийг худал шалтаг гэдгийг мэдэж байв. Уур хилэндээ автсан жанжин хунтайжтай хатуухан нүүр тулж уулзах гэсэн боловч эцэст нь Хао Ни түүнийг зогсоосон юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now