1. А Ми

4.3K 440 76
                                    


Нүдээ нээхдээ том чулуун ханан дээр дөнгөлөгдсөн байдалтай зургаа дахь даалгавартайгаа золголоо. Хоёр гар нь дэлгэгдэн зүүн, баруун тийш гинжлэгдсэн байх бөгөөд хоёр хөл нь ч мөн адил ялимгүй зайтай төмөр дөнгөнд зүүгджээ.

Сэргэх үедээ Хэри гинжнээс мултарч чадах эсэхээ шалгахыг хүссэн боловч хэчнээн их оролдсон ч тусыг эс олж, бүтэлгүйтсэн юм. Байрлаж буй газраа нягтлан харахад том хэмжээтэй өндөр чулуун хана сүндэрлэн үзэгдэх бөгөөд эргэн тойронд нь хүрээлэх юу ч байхгүй байх нь хачирхалтай. Мэдээж орж, гарах шат байх ёстой атал цулгуй хар өнгөтэй байв. Харин Хэри тал бүр лүүгээ хараад хад чулуу адил хатуу чулуун цамхаг шиг газар болохыг таамаглажээ. Энд зөвхөн тэр ганцаар тусгаарлагдсан бололтой өөр харагдах хоригдол байсангүй.

"Байна уу? Гадаа хүн байна уу?" Чимээ аниргүй нам гүм байдал нь түүний асуултад хариулт болж өгөх шиг.

Гэвч хаанаас ч юм цагаан хувцас өмсгөлтэй ахимаг насны нэгэн эмгэн гэнэтхэн шилжих мэт гарч ирэв. Тэр гартаа жижиг сагс барьжээ. Хэри түүнийг сонжсон аятай харах бол хөгшин эмэгтэй шилжин ирсэн цагаасаа санаа зовсон харцтай санаа алдаж байв.

"А Ми, би чамд тэр шинэ охиныг өдөх хэрэггүй гэж хэлсэн шүү дээ." гэсээр тэр хүндээр санаа алдан, "Одоо дахиад л шийтгүүлчихлээ, энэ удаа бүр хүнд." гээд толгой сэгсэрч, түүн рүү дахин харлаа. Тэгээд халааснаасаа жижиг түлхүүр гаргаж ирэв.

"Би тэнхимийн ахмад мастераас чамд хоол идүүлж, гинжийг чинь тайлж өгөхийг гуйсан. Хоёр өдрийн дараа чи чөлөөтэй болно." хэмээн хөгшин эмэгтэй цааш хэлэх аж.

Хэри хаана байгаадаа эргэлзсээр. Тэр эргэн тойрноо шинжиж байгаад эмэгтэйн даашинз дээр харцаа тусгаснаа бараг л гацаж орхив.

"Өө новш! Намайг эртний Хятадын ертөнцөд байгаа гэж битгий л хэлээрэй дээ." гэж нүдээ бүлтийлгэн хөмсгөө өргөхдөө бодлоо.

Эмэгтэй түүнийг гинжнээс суллах үед Хэригийн бие хөнгөрөн уужрах шиг болж, бугуй болон хөлийн шагайн дахь улайж хавдсан хэсгээ зөөлөн илэв. Гар нь бадайрч, хөл нь хөндүүр оргих аж.

"Энэ бие хэдэн удаа гинжлэгдсэн юм бэ?" гэх асуултыг өөртөө гайхшран тавина.

"Баярлалаа." Хэри эв хавгүй гэгч нь хөгшин эмэгтэйд талархлаа илэрхийллээ.

"Алив, А Ми хөрөхөөс нь өмнө идээрэй."

Хэри аядуухан толгой дохиод хөгшин эмэгтэйн газар дэвсэж өгсөн даавуун дээр суулаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now