14. А Ми

3.8K 394 43
                                    


Хэриг газар нутгийн хууль заалтыг тосгоны даргад төвөггүй учирлахад бүдүүн эр багагүй цочирдож, хариу сөрөхдөө балмагдан хэсэг зогсосхийж байлаа. Түүнээс гадна нэг муу болхи ядруу эрд байшин барихад нь тусалж буй гэнэт гараад ирсэн чадварлаг эрсийг хараад гайхаж байсан юм. Тэгэхээр энэ бүхэн үүнтэй холбоотой байх нь. И Фан хөндлөнгөөс оролцон тосгоны даргатай ярилцах аж.

Хотын дарга түүний тухлаг сэнтийд түшлэг налан тайван залрах И Фаныг харан хар хөлс нь цуван усан харх болтлоо хөлөрчээ. Харин И Фан уужуухан цай оочилно. Тосгоны эзэн Хэригийн энэрэл өгөөмөр байдлыг ашиглахыг завдсан гэдгийг тэр мэдэж байсан тул багахан бухимдангуй байгаа нь энэ. Золоор түүний үзэсгэлэнт эхнэр тэнэг биш шүү.

"Хэрэв чиний хар бөндгөр толгой дахин нэг л алдаа гаргах аваас чамд юу тохиолдохыг чи хүсэхгүй нь лав!" Шуурга дэгдээм хахир хүйтэн дуу аюулын дээд мэт сэрэмжлүүлэх нь тэр.

Тосгоны дарга хөл алдан өвдөг дээрээ сөхрөн унав. Хэзээд байгаагүйн ихээр сандран чичирхийлэх биеийг маажиг богино мөч нь дааж чадаагүй хэрэг. Довондоо хаан адил өөхших тэр дэлхийг эрхшээж буй агуу бүлгийн мастер нарын нэгийг өдөөн турхирвал ганц улаан утсан дээр тогтдог хэврэгхэн амь нь тасарч, босгосон амьдрал, бүтээсэн гэр бүл нь газрын тортогтой тэгшлэгдэх нь дамжиггүй.

"Таны нинжин сэтгэлд гялайлаа." Тэр эдгээр үгсийг хэлэхэд хэл нь бүдчиж байлаа.

Энэ үйл явдлаас хэд хоногийн дараа ноорхой амбаар орчин үеийн хэв маяг бүхий харц унагам байшин бүрэн сүндэрлэж дуусжээ. Хэри үүнийг хэрхэн хурдан баригдсан ч гайхширч байлаа. Гэрийн дотоод засал, тавилга, эд хогшил бүр түүний хүссэний дагуу бүрдсэн байв. Эртний уламжлалыг агуулах энэ ертөнцөд түүний амаар дүрслэн хэлсэн өвөрмөц зүйлсийг энгийн ард гэсэн эрчүүд тун адил хуулбарлан бүтээсэнд итгэж чадахгүй тээнэгэлзэнэ.

Хэри тухлаг шинэ гэртээ суурьшсанаас хойш 3 сар өнгөрлөө.

Зарим нэг өдөр хэмжээлшгүй их өвдөлт мэдрэгдэх бол бараг өглөө бүрийг бөөлжиж эхлүүлдэг болжээ.

"Би тэр И Фанг ална даа... ухххх." Эдгээр шинж тэмдгүүдээр тэр өөрийгөө жирэмсэн болохыг мэдсэн. Түүний донтой байдал, тэр ч байтугай түүний дараах эрч хүч нөхөх хоёр аяга шөл уудаг байсан нь жирэмслэлтийг дэвжих үйлчилгээтэй дэм болохыг хожим нь буюу саяхан ойлгосон.

Хэри нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр юу ч хийж чадахгүй.

Гэнэт тохиолдсон зүйлээс үл хамааран тэр бүх зүйлд онцгой анхаарал тавих болжээ. Бухимдах бус нэгэн бяцхан амь тээж буйдаа баяртай байлаа. Яг л хорвоог хамт туулах хамтрагчтай болсон мэт. Өөрсдийн ирээдүйн төлөө шаргуу хөдөлмөрлөх ёстой болж.

Шөнийн цагаар тэр модон ванд хэвтэн алжаалаа тайлж байх аж. Тайван, нам гүм орчныг таалан нүдээ анин хэвтэж байхдаа гэрийн гаднаас сүр сархийх чимээ сонсох нь тэр. Хэри босоод түргэхэн хувцаслаж дуусав. Түүнийг гадагш гарахад шөнийн орчин жин тан нам гүм байх бөгөөд хүн амьтны ул мөр үзэгдсэнгүй. Тэр зүгээр л мөрөө хавчин дотогш буцан орлоо.

Гэвч түүний далдуур өрнөсөн явдал нь И Фаны хүн байшингийн гадна Хэригийн эд хөрөнгийг тонохоор ирсэн хулгайчдыг барьж авсан нь тэр байв.

Хэдэн минутын өмнөх Хэри байшингийнхаа ард учир битүүлэг чимээ сонсохоос өмнө:

И Фан эхнэрээ хамгаалуулахаар томилсон эрчүүдийн нэг шөнийн манаандаа түүний байшин руу гэтэх таван хүнийг харжээ. Тэдний хоорондоо дохилцон сэм ярихыг чих тавин чагнахад

"Тэдний хэлснээр энд нэлээн чинээлэг хүн амьдардаг, бас тэр эмэгтэй ганцаараа. Бид байшинг нь нухаж, гал тавихынхаа өмнө түүнийг эдэлж сайхан зугаацаж болно." Нэг нь бусдадаа сайхан төлөвлөгөөгөө санал болгон хөхрөх аж.

Хэригийн бие хамгаалагчийн хөмсөг дээш гарав. Тэр агшин зуур ар талын хоёр эр лүү үсэрч, тэдний амин чухал улаан хоолойг хөнгөн огтлон дуу гаргаж чадахааргүй болгож орхилоо. Тэднийг цавчих нь бялуу зүсэхтэй хялбар, гэхдээ тэр шийдвэр гаргах эрх дархтай хүн биш. Мастер эзний залхаан цээрлэл хэрэгтэй. Гэхдээ тэр мастерын гарт тэдэнд юу тохиолдохыг тааварлаж байх учир эдгээр буруу хүнээрээ оролдсон хүмүүсийг нууцхан өрөвдөж байлаа.

Хулгайч нарын нэг нь яншсаар явахад түүнийг хойш татан хоолойн дээр нь чинжаалаа тулгах бол бяцхан сүр сархийх чимээнд үлдсэн хоёр нь эргэж харвал цэвэрхэн хар өмсгөлтэй эр инээмсэглэн нэг нь барьж, хоёр хамтрагч нь доор хүзүүгээ барин амаа ангалзаж байв.

"Тэгэхээр та нар түүнийг дээрэмдэх гэж байгаа гэж сонслоо л доо." гэсээр тэр тайван гэгч нь инээмсэглэн хэлэв.

Бүлгийн шилдэг шавь өнөөх таван эрийг төвөггүй барьцаалсан юм. Хэриг гарч ирэхээс өмнө тэднийг өөр газар луу шилжүүлжээ.

Болсон зүйлс И Фаны чихэнд хүрэхэд тэр ихээхэн хилэгнэн тэдгээр тонуулчдаар уулын зэрлэг араатныг хооллохыг тушаав. Хүнийг ганцхан залгилтаар тастаж чадах араатнаас болж олон хүмүүс харанхуй гүн ой руу зүглэхээс айж үргэдэг билээ. И Фанд хумсын төдий өчүүхэн энэрэн нигүүлсэх сэтгэл байсангүй. Учир нь тэднийг хулгайч, тонуулчдаар тогтохгүй алуурчид хүчирхийлэгч нар гэдгийг нь мэдэж байсан юм.

Харанхуй шугуй ойн хамгийн гүн хэсэгт хэдэнтээ бяцхан орилоон сонсогдоно.


Хэри гэртээ буцаж ирэхэд төвөг учруулах хэнийг ч хараагүй. Түүний инээмсэглэл нэг чихнээс нөгөө чих хүрэх шахам өргөгдөнө. Түүний тосгонд үлдэхийг хүссэн шалтгаанд ямар ч бүлгийн харьяат байсан хамаагүй ирсэн гийчин, зочиндоо тосгоны ард хүндэтгэлтэй ханддаг нь орох биз ээ.

Энэ тосгоныг тодорхой бүлэглэл үүсгэсэн бөгөөд ардчилсан улстай адил ямар ч угсааны хүн амьдарч болохыг заасан байдаг. Тэрхүү бүлгийн нөлөөллөөр тосгон үеийн үед гаднын түрэмгийлэл, дээрэм тонуул, бусад олон эрсдэлд гамшгаас хамгаалагдаж иржээ.

Мөн тосгон одоо ч тэрхүү бүлгийн эзэмшилд хамаарагдаж байдаг гэх ойлголт хүн бүрийн толгойд суугдсан аж. Гэвч бодит байдал дээр аль хэдийн энгийн хүмүүст дамжуулагдаж ирсэн жирийн нэг тосгон юм.

Тосгоны ард Хэриг мэдлэг болоод эгэл хүмүүний хийж чадахаас илүү, бас хийж чадахгүй зүйлийг нь ч хийж чадах энергитэй шашны бүлгээс гаралтай шууд мэдсэн.

Хэри дарвуулт завины аяллаа эцэслэн тосгонд газардах үедээ жирийн хүн шиг жүжиглэж байв. Гагцхүү тосгоны дарга түүнийг эгэл жирийн иргэн гэж боджээ. Мэдээж гэнэтхэн дэлхийн нөлөө бүхий их мастер гарч ирэх хүртэл шүү дээ. И Фан сэтгэлтэй бүсгүйтэйгээ нүүр тулах зориг зүрхгүй байсан ч түүнийг гомдоох хэнбуйгайг ч хараад суухгүй нь лав.

Бар хараад сүүлээ хавчсан цөөвөр чоно шиг цүдгэр гэдсээ дааж ядсан тосгоны дарга Хэриг өрөөндөө залж авчран бялдуучлан худалдаж авсан газрынхаа өртөгт нийцэхүйц илүү сайн газар нүүхийг санал болгосон боловч Хэри төвөггүй татгалзсан хариу өгөв. Хэри тосгоны даргын хандлага яагаад эрс өөрчлөгдсөнийг гайхаж байлаа. Гэхдээ тэр элдэв хандлагыг ойшоолгүй ердөө суурьшсан газартаа сэтгэл хангалуун буйгаа дурдсан. Тосгоны дарга голж шилж түүнд зарсан газрыг тосгон дахь хамгийн үржил шимтэй газар болохыг мэддэггүй байв.


Хэри өрөө рүүгээ алхсаар орохынхоо өмнө хөшиж орхилоо.

"Чи зугтаах авьяастай юм аа. Гэхдээ одоо чи миний хүүхдийг тээж байдаг. Хүүхдийг минь эцэггүй гэр бүлд өсгөхөөр төлөвлөж байгаа биш биз дээ?" И Фан удаанаар түүн рүү дөхөнгөө хэлнэ.

Цочирдож хөшсөн Хэри одоо ч тэр хэвэндээ. Тэр И Фанаас ялгарч буй унтууцал, багагүй бухимдлыг мэдэрч байв. Үнэхээр тэр зугтсан нь үнэн, гэхдээ огтхон ч түүнээс хүүхэдтэй болсноо мэдээгүй байсан.

И Фаны төгс төгөлдөр царайлаг төрх алхмаар урагшлах тусам ойртоно. Эрхэмсэг хурц дүрийг нь бишрэн Хэри нүдээ салгалгүй харж байв.

И Фан түүний өмнө ирж зогсоод хуруунуудаа хацраар нь шүргэх шахам гүйлгэн хэчнээн их санаснаа үгүйлэн амьсгал нь түргэсэх үед гол асуултаа асуухаар түүний эрүүг зөөлөн чимхэн бага зэрэг дээшлүүлээд "Одоо надад хэлээч, эхнэр минь, яагаад зугтсан юм?"

Хэри хөмсөг зангидан "Түр хүлээгээрэй. Би чамтай гэрлээгүй. Хоёрдугаарт, би чиний хүүхдийг тээж байгаагаа огтхон ч мэдээгүй." гээд түүний гараас эрүүгээ салгалаа.

И Фан түүний хүзүүн дээрх тодхон харагдах улаан мэнгэнд хүрэн "Тэгээд чи үүнийг юу ч илэрхийлдэггүй гэж бодож байна уу?"

Хэри нүдээ эргэлдүүлэн "Мэдээж, түүний балай тэнэг тэмдэг." хэмээн бодно.

"Мастер аа..."

"Энэ чинь биднийг хайр бүтээлцэж байхад намайг дуудаж байсан нэр биш байна." И Фан түүний яриаг таслан хэлэхэд

"Өө, бурхан минь, ямар гээчийн донтой хүн бэ." Тэр дотроо халаглан духаа массажлав.

"И Фан..."

"Арай дээрдлээ, за эхнэр минь?"

Хэригийн уруулын булан татвалзах шиг болсноо тэр гүнзгий амьсгаа аван "Чи яагаад энд байгаа юм?" гэж тайвнаар асуулаа.

"Би яагаад энд байдаг билээ? Чи юу гэж бодож байна?" И Фан зөрүүлэн асууна.

"Ойлгомжтой, бид үргэлжлүүлэн ийм байдалтай байгаад байвал энэ яриа удаан үргэлжлэх нь." Хэри ийн бувтнаад залуугийн нүд рүү эгц ширтэн ярьж эхэллээ. "Хэрэв би чиний эмэгтэй болбол намайг тавьж явуулна гэсэн тохиролцоог хийсэн болохоор би явсан. Ямартай ч би чиний эмэгтэй болсон, гэхдээ санаж байгаа биз? Би чиний хажууд үлдэнэ гэж бид тохиролцоогүй, бас би зөвшөөрөхгүй. Тэнд чамд Ши Фэн байгаа шүү дээ. Тийм байхад би яагаад чамд хэрэгтэй гэж? Харин миний тээж байгаа хүүхдийн тухайд бол, бид ийм зүйлийг зөвшөөрөх байтугай үг ч солилцоогүй. Гэхдээ зайлсхийж байсныг минь чи мэднэ. Чамаас Лияаотай шөлийг тэгж олон удаа асууж байхад чи оронд нь намайг хуурч, үржил шимтэй шөлөөр хооллож байсан шүү дээ. Одоо би чиний хийсэн зүйлийн үр дүнг харж байна. Тиймээс, яагаад энд байгаагаа надад хэлээч." Тэр илэн далангүй хэлэв. Санаа бодлоо ойлгуулахдаа ая засаж, бутыг тойрч ядахаас шууд хэлэхийг илүүд үздэг билээ.

И Фан түүнд улам ойртон халуун амьсгалаа төөнүүлэн түүний хүзүүн дээрх мэнгийг зөөлөн иллээ. "Чи үүний утга учрыг мэдэх үү?"

Хэригийн нүүр үрчийн "Би хэн нэгний өмч гэж үү." гэж хэлээд өөрийнх нь ч зөвшөөрөлгүй бие дээр нь гарч ирсэн тэмдгийн цаана орших далд бүхий жинхэнэ утгыг бодолхийллээ.

Гэтэл И Фан түүнийг гэнэтхэн хоёр гар дээрээ өргөн ор луу нь очоод өвөр дээрээ аван суух нь тэр.

"Чи юу хийгээд байгаа юм бэ?" Хэри балмагдангуй асуун тийчлэх боловч И Фан түүнийг чангахан тэвэрнэ.

"Чшшш чи энэ тэмдгийн утгыг мэдэхийг хүсэж байна уу? Үгүй юу?" И Фан тайван намуухан дуугаар асуув.

"Тийм ээ."

"Энэ тэмдгийг зөвхөн хайртай хүндээ л өгөх боломжтой бас утга нь насан туршдаа хамт байхыг бэлгэддэг." И Фан уг тэмдгийг илэнгээ түүний шилэн хүзүүг энхрийлэн үнсэв. Хэригийн хөмсөг зангиран түүний халуун төөнөсөн үнсэлтээс болж чичирхийлнэ.

"Яагаад энэ тэмдгийг надад өгсөн юм бэ? Үнэхээр? Үнэнийг хэлэхэд чамд Ши Фэн байгаа шүү дээ, намайг чиний хийдэд түүнтэй уулзах үед тэр надад чамтай хамт амьдардаг гэж хэлсэн. Бас түүнээс гадна намайг та хоёрын харилцааны талаар асуухад чи хариу хэлэлгүй ерөнхийдөө бол үгүйсгээгүй шүү дээ. Дээрээс нь чи ч гэсэн намайг энэ тэмдгийн утга санаанд итгэхгүй байгааг мэдэж байгаа биз дээ. Тэгэхээр насанд хүрсэн хүний ​​хувиар бодитой хандацгаая. Гэнэт би чиний хүүхдийг тээгээд хэдийн жирэмсэн болчихсоноос хойш чамайг түүний аав болохыг үгүйсгэхгүй, гэхдээ бүх зүйл ингээд л болоо. Би чиний эхнэр болно гэсэн үг биш. Болох ч үгүй! Тиймээс өөрийнхөө тавьсан энэ тэнэг тэмдгийг арилгах арга хайж олоорой." хэмээн тэр хатуухан хэлж орхилоо. Тэр үнэхээр хэн нэгний тав тухаас болж зөөлөн хандаж, шууд гаталчих бутыг тойрох дургүй. Уяхан сэтгэл? Үгүй дээ, тэр орчин үеийн ертөнцөд хэдийн 30 насыг зооглочихсон. 30 нас гэдэг хангалттай аливааг шийдвэрлэх үе шүү дээ. Тэр өөрийгөө аль хэдийн хөгширсөн гэж бодож байхад хүүхэд шиг жүжиглэх шаардлагагүй. Ялангуяа түүнийг өвөр дээрээ энхрийлээд байгаа хөгшин эрийн өмнө лав бүр ч үгүй.

"Ши Фэн чамд хэлжээ, бас чи үүнд нь итгэж байгаа хэрэг үү?" И Фан хувиралгүй төрхөөр асуув.

Хэри үнэхээр түүнд итгэсэн, тиймээс ч нүүр бардам 'тийм' гэж хэлэхийг хүссэн ч "Нэг тиймэрхүү, гэхдээ энэ тийм ч чухал биш." гэлээ.

И Фан толгой сэгсрэн хөхрөх ба "Юу гээч, миний чамд өгсөн шийтгэлийн юу нь нөлөөлж чиний хандлага, чиний ярих арга барил, төрх байдал чинь төлөвшсөн болж өөрчлөгдсөнийг мэдэх юм алга. Харин энэ тэмдгийн хувьд нэгэнт холбогдсон л бол үүрд, заавал хамт байх ёстой. Үүнийг хэн ч арилгаж чадахгүй. Тэр ч байтугай эзэн нь ч хүртэл. Тэгээд би үүнийг хийх бүрд..." гэснээ тэмдгийг зөөлхөн үнсэхэд гэнэт гэрэлтэх нь тэр.

Хэрид маш их энерги хуралдах нь мэдрэгдэх бөгөөд түүний мэдрэмж, биеийн хэм нь ч халуун дүүгэн оволзох мэт болов.

"Намайг хүсэж байгааг чинь би мэднэ." Тэр түүний чихний ойролцоо сулхан шивнээд "Тэмдгийг тавьсан хүн, мөн тухайн тэмдгийг авсан эмэгтэй хоёул нэгнээ хүсэж байвал энэ тэмдэг гэрэлтэх болно."

Тэгээд тэр Хэригийн хүзүүн дээгүүр халуун, чийглэг үнсэлтийн мөрөө үлдээж эхлэв. Харин дотроос нь ундрах халууныг Хэри удирдаж яахан барах билээ.

"Тэнэг гормонууд." Хэри дааврын улмаас бие махбод нь сэргэн таатай зөөлөн үнсэлтүүдэд эерэг хариу үйлдэл үзүүлж буйгаа мэдэж байв.

Тэр хэрэгцээгээ хангах хэрэгтэй.

Хэри И Фанг орон луу түлхэж унагаан түүнийг түрэмгий гэгч нь үнсэнгээ хувцсыг нь тайлахаар гараа түргэн хөдөлгөж эхэллээ. Яг одоо тэр үнэхээр өдөөгдөж байгаа болохоор өөрт нь дуртайяа биеэ зориулж чадах түүнийг ашиглахаас ичих юун. Алдах зүйл байхгүй. Түүний хүүхдийг тээж байхад шүү дээ. Түүний атганд залуу бол орондоо гарамгай, өөгүй царайлаг, төгс бие хаатай, дуулгавартай хөвгүүн л гэсэн үг. Хэдэн сарын турш даавраа хянах гэж хэчнээн их зовлоо доо.

И Фаны халуухан хатуу зургаан толгойтой гэдэсний булчин ил боллоо. Арааны шүүс асгарам залуугийн цээж хэсгийг ширтэн Хэригийн ухаан санаа оргилох халуухан мэдрэмжид ховстуулна.








: Явцын шалгалт, бие даалт гээд нэлээн удаачихлаа, уучлаарай манайхаан. (;'༎ຶٹ༎ຶ')
Та нарт хүлээх хэцүү байгаа байх. Одооноос 2 дахь, 5 дахь, бүтэнсайнд оройхон оруулж байвал яаж байна?

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now